Бринэ Браун
35,209,923 views • 20:19

За, энэ түүхээр эхлүүлье: хэдэн жилийн өмнө, би илтгэл тавих болоод зохион байгуулагч нь над руу утасдлаа. Над руу залгаад, "Хөтөлбөрийн танилцуулга дээр таны тухай юу гэж бичихээ сайн мэдэхгүй байна." гэв. "Юу нь хэцүү байдаг билээ?" гэж би бодлоо. Тэгээд тэр, "Таны ярьж байхыг сонсохоор таныг судлаач гэж тодорхойлмоор, гэхдээ судлаач гэвэл таныг уйтгартай, чухал биш гээд хүн ирэхгүй болов уу гэж бодоод" гэв. (Инээлдэв) Тэгэхээр нь би "За" л гэлээ. "Гэхдээ таны ярианы түүх өгүүлж буй хэсэг надад таалагдсан. Тиймээс таныг түүх өгүүлэгч гэе гэж бодож байна" гэв. Мэдээж академик, өөртөө итгэлгүй тал маань "Намайг юу гэж бичнэ гэнэ ээ?" гэхэд "Би таныг түүх өгүүлэгч гэж бичнэ" гэж тэр давтав. "Шидэт дагина гэчихгүй яасан юм?" гэж бодож амжив. (Инээлдэв) Тэгээд би "за жаахан бодоод үзье" гээд эр зоригоо чангалахыг хичээлээ. Ер нь би чинь түүх өгүүлэгч юм байна. Би чанар хайж судалгаа хийдэг. Түүх цуглуулах нь миний хийдэг ажил. Түүх бол магадгүй сэтгэл зүрхтэй мэдээлэл. Тэгэхээр би түүх өгүүлэгч байх нь. Тэгээд би, "Юу гээч? Намайг судлаач-түүх өгүүлэгч гээд биччих" гэхэд тэрээр "Хаха, тийм юм гэж юу байхав дээ" гэв. (Инээлдэв) Тэгэхээр би бол судлаач-түүх өгүүлэгч, өнөөдөр та нарт аливааг хүлээн авах үзлийн хүрээгээ тэлэх тухай ярьж байгаа учраас би өөрийн судалгааны талаар зарим түүхүүдээс та нартай хуваалцмаар байна. Эдгээр түүхүүд мэдрэхүйг минь тэлж, хэрхэн амьдрах, хайрлах, ажиллах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийг минь өөрчилсөн юм.

Миний түүх ингэж эхэлсэн юм: Залуухан судлаач, докторант байлаа. Эхний жилдээ байхад нэг судлаач профессор бидэнд хандаж, "За ийм байна, хэрвээ чи хэмжиж чадахгүй байвал, тэр чинь байхгүй гэсэн үг" гэв. Би түүнийг тоглож байна л гэж бодсон юм. Тэгээд би "Үнэхээр үү?" гэхэд тэр, "Маргаангүй" гэв. Танд л гэж хэлэхэд, би нийгмийн ажлын бакалавр, магистрын зэрэгтэй, нийгмийн ажлын доктортоо сурч байсан тул миний бүхий л академик ажил маань "Амьдрал бол замбараагүй, түүнийг хайрла" гэсэн итгэл үнэмшил бүхий хүмүүсийн дунд өнгөрдөг байсан юм. Харин би, "амьдрал замбаараагүй, тиймээс цэвэрлээд, эмхлээд, өдрийн хоолны саванд хий" гэдэг уриатай байлаа. (Инээлдэв) Эргээд бодоход энэ дундаас би замаа олсон. Тохирсон карьераа олсон гэдэг итгэлийг өгсөн— Нийгмийн ажлын нэг гол хэллэг байдаг л даа. "Ажлын тав тухгүй хэсэгт илүү анхаар". Би тав тухгүйг эвдэж, эвтэйхэн болгоод, бүх А дүнгүүдийг авна гэж боддог. Миний зарчим ийм л байлаа. Энэ тухай сонсоод миний сэтгэл хөдлөв. Тэгээд энэ бол надад яг тохирсон ажил, учир нь би замбараагүй сэдэвт дуртай гэж бодлоо. Гэхдээ би тэдгээрийг цэгцэлмээр байна. Би тэдгээрийг ойлгохыг хүсэж байна. Би чухал гэж бодсон зүйлс рүүгээ нэвтрэн орж, кодыг нь бүх хүнд харуулмаар байна.

Тэгээд би "холбоо"-ноос эхлэв. Учир нь нийгмийн ажилтнаар 10 жил ажиллахдаа "холбоо" бол бид яагаад энд байгаад байгаагийн шалтгаан гэдгийг ойлгодог юм. Энэ л бидний амьдралд утга учир, зорилго өгдөг. Ердөө энэ л бүхний учир шалтгаан. Нийгмийн, эмнэлгийн, хүчирхийллийн эсрэг тэмцэгч аль ч хүнтэй ярилцахад тэдэнд, бидний сайн мэдэх холбоо буюу хүнтэй холбоотой байх чадвар бол — нейробиологийн хувьд ч адил — бид энд байгаагийн шалтгаан байв. Тиймээс, холбоогоор л эхлье гэж бодов. Та нар даргаараа ур чадвараа үнэлүүлэх тэр үеийг сайн мэдэх байх. Тэр таны сайн чаддаг 37 зүйлийг хэлээд, харин "өсөж дэвших боломж" гэж нэг зүйлийг онцлоход— (Инээлдэв) Та нар яг өсөж дэвших боломжийн талаах бодсон тийм үү? Тэгэхээр энэ ер нь миний ажил ямар байсантай төстэй юм л даа. Учир нь та хүмүүсээс хайрын тухай асуувал тэд танд хагацлын тухай ярина. Харилцаа хамаарлын талаар асуувал тэд бусдад үл ойшоогдож байсан хамгийн хэцүү явдлаа ярина. Харилцаа холбооны тухай асуувал тэд тусгаарлагдсан тухай түүхээ ярина.

Судалгаагаа эхлээд ердөө зургаахан долоо хоногийн дотор урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй, үл мэдэгдэх, харилцаа холбоог задалдаг зүйлтэй би учирсан юм. Би судалгаанаасаа түр хөндийрөөд, энэ чухам юу болохыг олж мэдэх хэрэгтэй гэж бодлоо. Энэ зүйл "ичгүүр" болж таарав. Тусгаарлагдахын айдас гэдгээр нь ичгүүрийг амархан ойлгож болно. Хэрэв хэн нэгэн нь мэдчихвэл тэр хүнтэй холбоотой байх эрхгүй мэт санагдуулах миний талаар ямар нэг зүйл бий бил үү? Энэ бол юниверсал, бүх хүнд байдаг гэдгийг л би танд хэлж чадна. Ичих мэдрэмжгүй хүмүүс бол бусдыг ойлгох, бусадтай холбоотой байх чадваргүй хүн юм. Хэн ч энэ талаар ярихыг хүсдэггүй. Та ичгүүрийн талаар бага ярих тусам, та илүү их ичгүүрийг мэдэрдэг. Ичгүүрийн суурь үндэс нь юу вэ гэхээр, "би хангалттай сайн биш" гэсэн бодол. "Би хангалттай чөлөөт биш, туранхай биш, баян биш, хөөрхөн биш, ухаантай биш, хангалттай дэвшиж чадаагүй." гэх мэт. Энэ ичгүүрийн суурь нь асар шаналгаат эмзэг байдал байсан, юу вэ гэхээр, бусадтай холбоотой байхын тулд бид өөрсдийгөө тэдэнд илчлэх ёстой, бүр тод томруунаар.

Би эмзэг байдлыг юу гэж боддог вэ гэхээр, би үүнийг үзэн яддаг. Тэгээд би, энэ бол үүнийг өөрийн хэмжих саваагаараа хэмх цохих боломж гэж бодлоо. Энэ зүйлийн учрыг нь олно оо гэж шийдлээ. Жилийн дотор ичгүүрийг бүрэн задлан шинжлээд, эмзэг байдал яаж ажилладгийг мэдээд, түүнийг ялан дийлэх болно гэж бодож байв. Би бэлэн бас маш их догдолж байлаа. Яг миний бодсоноор болоогүй л дээ. (Инээлдэв) Та нар мэддэг юм байна. Ичгүүрийн талаар ихийг яримаар байгаа ч хүмүүсийн цагаас хумслах хэрэг гарна. Гэхдээ та бүхэнд энэ бүхэн чухамдаа юу байсныг товчхон хэлье. Арваад жил судалгаа хийхдээ ойлгож авсан магадгүй хамгийн чухал зүйл энэ байх. Нэг жил маань зургаан жил, хэдэн мянган түүх, хэдэн зуун ярилцлага фокус группын ярилцлагууд болж хувирсан юм. Энэ зургаан жилд хүмүүс над руу сэтгүүлийн хуудсуудыг, өөрсдийнхөө түүхийг, мянга мянган мэдээллүүдийг илгээж байлаа. Би ч яаж ийгээд зохицуулж байлаа.

Ичгүүр гэж энэ юм байна, ингэж ажилладаг юм байна гэх маягаар ойлгож эхэллээ. Ном бичлээ, онол хэвлүүллээ, гэхдээ нэг л болохгүй байв— юу гээч, ярилцлага авсан хүмүүсээ сонгоод хоёр хэсэгт хуваалаа. Нэг хэсэгт нь өөрсдийгөө үнэ цэнэтэй гэдгээ мэдэрсэн хүмүүс— энэ бол бидний яриад байсан гол зүйл, үнэ цэнэтэй гэдгээ мэдрэх— эдгээр хүмүүс хайр ба хамаарлыг ихээр мэдэрдэг. Нөгөө хэсэг нь энэ тал дээр асуудалтай хүмүүс. Тэд үргэлж өөрсдийгөө хангалттай сайн биш гэж боддог. Хайр болон хамаарлыг хүчтэй мэдэрдэг хүмүүс болон тэдгээрийг мэдэрч чадахгүй байгаа хүмүүсийг заагладаг нэг л зүйл байлаа. Хайр болон хамаарлыг хүчтэй мэдэрдэг хүмүүс ердөө л тэдгээрийг мэдрэх эрхтэй буюу үнэ цэнэтэй гэдэгтээ итгэдэг. Ердөө л энэ. Тэд үнэ цэнэтэй гэдэгтээ итгэдэг. Миний хувьд, холбоотой байхад садаа болдог тэр зүйл бол холбоотой байх хувьгүй гэсэн тэр айдас юм. Хувийн болон мэргэжлийн хувьд үүнийг би сайн ойлгох ёстой гэж бодож байлаа. Тэгээд би үнэ цэнэтэй гэдгээ мэдэрдэг, тэгж ч амьдарч байгаа хүмүүсийн ярилцлагуудыг гаргаад сайн харлаа.

Эдгээр хүмүүс юугаараа ижилхэн байна вэ? Би оффис хэрэгслийн ялимгүй шуналтай л даа гэхдээ тэр ч яахав, өөр яриа. Бичиг хэргийн хавтас болон харандаагаа гаргаад , судалгаагаа юу гэж нэрлэх вэ гэж бодов. "Сэтгэл дүүрэн" гэдэг үг толгойд минь хамгийн түрүүнд орж ирсэн юм. Эдгээр сэтгэл дүүрэн хүмүүс үнэ цэнээ ухаарсан байдаг. Тэгээд би судалгааны хавтастаа гарчиг өгч мэдээллүүдээ шинжилж эхлэв. Үнэндээ эхний дөрвөн өдөр ярилцлагууд, түүхүүд, үйл явдлуудаа түүж авах гэх зэргээр эрчимтэйгээр шинжилгээ хийж эхэллээ. Ямар сэдэвтэй байна? Ямар хэв шинжтэй байна? гээд л. Нөхөр маань хүүхдүүдээ аваад хотоос гарчихлаа. Аргагүй л дээ, бичих ажлаа эхлээд судлаач өрөлтөө авахаараа Жэксон Поллоктой адил ажилдаа улайрчихдаг хүн л дээ би. Тэгээд би дараах зүйлийг олж мэдсэн юм. Тэд бүгдээрээ зүрх зоригтой байх чадвартай хүмүүс байлаа. Зүрх зориг болон эрэлхэг байдлын ялгааг та бүхэнд хэлмээр байна. Зүрх зориг (courage)- анх Англи хэлэнд орж ирэхдээ зүрх (cor) гэсэн утгатай Латин үг байсан бөгөөд анхдагч утга нь та сэтгэл зүрхнээсээ хамт байж чаддаг хэн нэгний түүхийн тухай байсан юм. Тэгэхээр эдгээр хүмүүс бол зүгээр л төгс биш байж чадах зоригтой хүмүүс байсан. Тэдэнд эхлээд өөрсдөдөө энэрэнгүй байх, дараа нь бусдад энэрэнгүй хандах тийм нинжин сэтгэл байгаа юм. Хэрвээ хүн өөртөө энэрэнгүй хандаж эс чадваас бусдад энэрэнгүй хандаж чадахгүй. Сүүлийнх нь "холбоо", - хамгийн амаргүй хэсэг, тэд "холбоо" тогтооход чухал үүрэгтэй бодит байдлаа хүлээн зөвшөөрч, мөрөөдөж байсан хийсвэр бодлуудаасаа сайн дураар татгалзаж чадсанаар бодитоор "холбоо"-г тогтоож чадсан.

Эдгээр хүмүүст байсан бас нэг ижил чанар нь энэ байв. Тэд эмзэг байдлаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тэднийг эмзэг болгож байгаа зүйлс нь үнэндээ тэднийг үзэсгэлэнтэй болгосныг эдгээр хүмүүс ойлгосон байсан. Тэд мэдээж, ичгүүр гэдэг нь аятайхан сэтгэлд тавтай зүйл гэж хэлээгүй л дээ. Миний өмнө дурдсантай адил. Үүнийг зөвхөн байх ёстой зүйл гэж хэлсэн. Тэд зүрх зориг гаргаж, үйлдэл хийх тухай ярьсан. "Би чамд хайртай" гэж түрүүлж хэлэх зоригийн тухай, ямар ч баталгаагүй байсан ч ямар нэгэн зүйлийг шийдэх зүрх зориг, хорт хавдрын шинжилгээ хийлгэсний дараа эмчээс үр дүнг нь сонсохоор хүлээж суухдаа тайван байх талаар тэд ярьсан юм. Тэд бүтэх эсэхийг нь мэдэхгүй ч бусадтай харилцаа тогтооход бэлэн байсан. Тэд үүнийг байх л ёстой зүйл гэж үзсэн.

Харин би хувьдаа үүнийг өөрөөсөө урвасан хэрэг гэж үзсэн. Би судалгаандаа шударгаар хандана гэж амлалт өгсөндөө өөртөө итгэж чадахгүй байлаа. Судалгаа гэдгийн тодорхойлолт нь ямар нэгэн тогтоц, үзэгдлийг тодорхой шалтгааны үүднээс, хянах ба таамаглах явдал юм. Харин одоо миний нөгөө хянах, таамаглах даалгавар маань зөв амьдрахын тулд эмзэг байдлаа хүлээн зөвшөөрч, хянах болон таамаглахаа зогсоох хэрэгтэй гэсэн хариулттай тулгарсан юм. Энэ нь намайг жижиг сүйрэлд авчрав- (Инээлдэв) -Үнэндээ бол ийм байсан л даа. (Инээлдэв) Тийм ээ, ийм л юм болсон. Би сүйрэл; харин сэтгэл зүйч эмч оюун санааны сэргэлт гэв. Оюун санааны сэргэлт гэх нь дээр сонсогдож байгаа ч сүйрэл байсан гэдгийг батлая. Баримтуудаа хойш тавиад сэтгэл зүйч хайв. Нэг зүйл хэлэхэд, та найзууддаа хандаад "Би сэтгэл зүйчид үзүүлэх хэрэгтэй байна. Та нар зөвлөөч" гэж таван найзаасаа асуухад бүгдээрээ "Аааа, би л лав чиний сэтгэл зүйч болохгүй" гэх үед хүн өөрийгөө таньдаг юм байна лээ. (Инээлдэв) "Яасан гэж ингэж байгаа юм бэ?" гэхэд харин тэд " За зүгээр л хэлж байна ш дээ. Харин хэмжих саваагаа битгий авчраарай" гэх маягтай. Би ч "За за" л гэв.

Тэгээд би нэг сэтгэл зүйч оллоо. Дианатай хийсэн эхний уулзалт дээрээ би өнөөх "сэтгэл дүүрэн" хүмүүсийнхээ баримтыг авчраад өмнө нь суулаа. "Та сайн уу" гэж байна. Би ч "Сайн сайн. Дажгүй шүү" гэлээ. "За ямар асуудал байна?" гэж асууж байна. Ер нь бол сэтгэл зүйч сэтгэл зүйчдээ үзүүлж байгаа хэрэг л дээ. Яагаад тэгэх ёстой гэхээр тэд худлаа ярихыг анддаггүй юм л даа. (Инээлдэв) Тэгээд би хэллээ, "За ийм байна, надад асуудал байна" "Ямар асуудал байна?" гэж асууж байна. Би ч " Ер нь бол эмзэг байдлын талаарх асуудал. Эмзэг байдал нь ичих болон айхын үндэс болж, бусдад үнэлэгдэхийг хүсэх зовлонг төрүүлдэг мөртлөө нөгөө талаар аз жаргал, бүтээлч байдал, бусдад харилцаа хамааралтай байх болон хайрын ундарга юм шиг санагдах боллоо. Надад л асуудал байх шиг байна. Надад тусламж хэрэгтэй байна л даа." гэв. Тэгснийхээ дараагаар "Гэхдээ ийм байна, энэ гэр бүлтэй огт холбоогүй, хүүхэд нас энэ тэрийг бол бүр ярихгүй шүү" гэв. (Инээлдэв) "Надад зүгээр л стратеги хэрэгтэй байна" (Инээлдэв) (Алга ташив) Баярлалаа. Тэгээд тэр иймэрхүү байдалтай болов. (Инээлдэв) "Энэ тэгээд муу юу?" гэхэд тэр "Сайн ч биш, муу ч биш" гэв. (Инээлдэв) "Энэ бол зүгээр л байдаг зүйл" гэв. Би ч "Өө бурхан минь, бүтэхгүй нь дээ" гэж би бодлоо.

(Инээлдэв)

Бүтсэн бас бүтээгүй. Жил орчим боллоо. Хүмүүс эмзэг байдал болон энэрэл хайр хоёрыг чухал болохыг ойлгоод хүлээн зөвшөөрч эхэлдэг болохыг та нар мэдэх байх. (А), би л лав тийм хүн биш. (Б), би тийм хүмүүстэй нийлдэг ч үгүй. (Инээлдэв) Миний хувьд бол энэ бүхэн бүтэн жилийн тулаан байсан юм. Энэ бол хатуу тоглоом байсан. Эмзэг байдал бид хоёр нэгийгээ үзэв. Би тулаанд ялагдсан боловч харин амьдралаа эргүүлж авсан байх.

Улмаар би судалгаандаа эргэн орж, дараагийн хоёр жилийг, өнөөх "сэтгэл дүүрэн" хүмүүс эмзэг байдлын тухайд ямар сонголт хийж буйг, мөн бид ямар сонголт хийж байгаа талаар ойлгоход зориуллаа. Яагаад үүнээс болж тэгж их шаналдаг юм бэ? Ингэж шаналж байгаа нь ганцхан би гэж үү? Үгүй ээ. Тэгээд би дараах зүйлийг ойлгож авсан юм. Бидэнд ямар нэгэн зүйл тохиолдох вий гэж бид эмзэг байдлаа намдаадаг. Хөгжилтэй нь, Фэйсбүүк, Твитерээр "Эмзэг байдлыг та юу гэж хэлэх вэ?, Юу таныг эмзэг болгодог вэ?" гэж асуухад цаг хагасын дотор надад 150 орчим хариу ирлээ. Хүмүүс юу гэж боддогийг л мэдэхийг хүссэн хэрэг л дээ. "Суугаад удаагүй нөхрөөсөө өвдөх үедээ тусламж хүсэх"; "Нөхөртэйгөө нөгөө ажлаа эхлүүлэх"; "Эхнэртэйгээ нөгөө ажлаа эхлүүлэх"; "Үл ойшоогдох"; "Хэн нэгнийг болзоонд урих"; "Эмчээс шинжилгээний хариу хүлээх"; "Ажлаас халагдах"; "Хүмүүсийг халах" — бид ийм л дэлхий дээр амьдардаг. Бидний амьдарч буй дэлхий маань эмзэг юм. Үүнтэй зохицох арга замуудын нэг бол эмзэг байдлаа намдаах явдал юм.

Үүнийг нотолж болно. Энэ зүгээр ч нэг нотолгоо биш, харин маш том шалтгаан юм. Бид АНУ-ын түүхэн дэх хамгийн илүүдэл жинтэй, хамгийн донтолттой, эмчилгээнээс хамаарсан насанд хүрэгчид болоод байна. Судалгаанаасаа олж мэдсэнээр асуудал юунд байна гэхээр хүн сэтгэл хөдлөлөө сонголттойгоор намдааж чаддаггүй. "Энэ онцгүй юм байна, энэ эмзэг байдал байна, энэ уй гашуу, энэ ичгүүрт байдал байна, энэ айдас байна, энэ гансрал байна. Эднийг мэдэрмээргүй байна, ер нь шар айраг уугаад, гадилтай жигнэмэг идээд намдаачихая" гэж болдоггүй юм л даа. (Инээлдэв) Би эдгээрийг мэдэрмээргүй байна. Мэддэг хүний инээд гэдгийг харж байна шүү. Таны амьдралыг судлах нь миний ажил юм шүү дээ. Өө бурхан минь. (Инээлдэв) Тэгэхээр бусад сэтгэл хөдлөлөө намдаахгүйгээр эдгээр таагүй мэдрэмжүүдийг намдаах боломжгүй юм. Бид сонголттойгоор намдааж чадахгүй. Таагүй мэдрэмжүүдээ намдаах үедээ бид баяр баясал, талархал, аз жаргалаа хамтад нь намдаадаг. Ингээд л бид шаналж эхэлдэг, ямар нэгэн зорилго, утга учрыг хайдаг, эмзэг байдлыг мэдэрдэг. Тэгээд хэдэн шар айраг ууж, гадилтай жигнэмэг иддэг юм даа. Ингээд энэ аюулт үзэгдэл давтагдаж эхэлдэг.

Тэгвэл бид энэ таагүй мэдрэмжийг яагаад, мөн хэрхэн намдаадаг талаар ярилцах ёстой. Энэ нь заавал донтолт байх албагүй. Бид нөгөөтэйгүүр, тодорхойгүй зүйл болгоныг тодорхой болгохыг зорьдог. Шашин ч мөн адил сүсэг бишрэлийг тодорхой зүйл болгоход зорьсон. Миний зөв, чиний буруу. Амаа тат. Ердөө л энэ. Зүгээр л тодорхой. Айх тусмаа бид улам л эмзэг болж, улам илүү айж эхэлдэг. Өнөөдөр улс төр ч гэсэн иймэрхүү байгаа. Хэн ч зөрөхөө больсон. Ямар ч харилцан ярилцах зүйлгүй. Зөвхөн буруутгадаг л болсон. Судалгаанд буруушаалтыг хэрхэн тодорхойлдогийг мэдэх үү? Зовиур болон тааламжгүй байдлаа гадагшлуулах арга зам. Бид төгс байхыг хичээдэг. Хэн амьдралаа төгс болгохыг хүсдэг вэ гэвэл, тэр чинь би байна. Даанч бүтээгүй. Учир нь бид өгзөгнөөсөө өөх авхуулаад, хацрандаа хийлгэдэг. (Инээлдэв) 100 жилийн дараа хүмүүс эргэж хараад "Хөөх" гэж хэлэх байх даа.

(Инээлдэв)

Хамгийн аюултай нь бид үр хүүхдээ төгс болгохыг хичээдэг. Бид хүүхдүүдээ юу гэж боддог талаар хэлье. Тэд энэ орчлонд тэмцэх гэж ирдэг юм. Тэдгээр өхөөрдөм үрсээ тэврээд, "Хараач тэр үнэхээр төгс юм аа, түүний төгс чигээр нь өсгөнө. Түүнийг 5-р ангид нь теннисний багт, 7-р ангид нь Иелийн их сургуульд оруулна" гэч ёсгүй л дээ. Энэ бидний хийх зүйл биш. Үүний оронд бид харин "Чи минь төгс биш, бас амьдралд тэмцэх хэрэгтэй болно. Гэхдээ чи минь хайрлуулж, хамаарагдах үнэ цэнэтэй" гэж хэлээсэй. Энэ л бидний хийх ажил. Хэрвээ ийм байдлаар өссөн хүүхдүүдийн үе ирэх юм бол өнөөдөр бидний харж байгаа асуудлууд төгсгөл болно. Бидний хийдэг зүйлс бусдад хамаагүй мэтээр бид амьдарсаар байна. Хувь хүмүүс ч тэр, корпорациуд ч тэр — асуудал, газрын тосны алдагдал татан буулгалт— бидний хийж буй зүйлийн үр дагавар бусдад огтхон ч нөлөөлөхгүй мэт царайлдаг. Компаниудад хэлье, энэ бидний анхны үзүүлбэр биш шүү. Асуудалд зүгээр л бодитой хандаж, "Уучлаарай. Алдаагаа засах болно оо" гэж хэлэхийг л хүсэж байна.

Гэвч бас өөр арга байна, төгсгөлд нь хэлье. Миний олж мэдсэн зүйл бол: өөрсдийгөө бусдад нээе; чин сэтгэлээсээ нээе; эмзэг байдлаа ч харуулъя; эргээд хайрлагдах ямар ч баталгаагүй ч бай хамаагүй чин сэтгэлээсээ хайрлая- ингэх нь мэдээж хэцүү, ээж хүний хувьд хэлье, энэ бол маш хэцүү— гэвч бид ингэснээр л хүнд хэцүү үед талархал баяслыг мэдэрч чадна. Та ердөө л "Ийм ихээр хайрлаж чадах уу?, Үнэхээр сэтгэлээсээ итгэж чадах уу? Би ийм догшин байж болно гэж үү?" гэж өөрөөсөө асуу. Болзошгүй зүйлсийг муугаар бодолгүйгээр, "Миний эмзэг сул талтай байгаа нь намайг амьд байгааг мэдрүүлж, хүч өгч байгаад би маш их баяртай байна" гэж хэлээрэй. Эцэст нь хэлэхэд хамгийн чухал зүйл бол бидний одоо байгаа нь бидэнд хангалттай гэдэгт итгэх. Үүнийг л бид хэрэгжүүлж эхэлбэл би өөрийгөө хангалттай гэдэгт итгэж болно. Тэгээд бид хашгичихаа больж, сонсож эхэлдэг, хүмүүст эелдэг зөөлөн ханддаг, мөн өөртөө ч бас энэрэлтэй хандаж эхэлдэг.

Ийм л байна даа. Та бүхэнд баярлалаа.

(Алга ташив)