Анх би энэ ажилд ороод нэг дажгүй зөвлөгөө авч билээ. "Өдөрт 3 улстөрчтэй ярилцлага хийх." Улстөрчидтэй уулзаж байсан туршлагаасаа хуваалцахад, улстөрчид бүгдээрээ ямар нэг төрлийн сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс байдаг. Тэднийг би "хэт чалчих сэтгэцийн олдмол өвчин"-тэй гэдэг юм. Өөрсдийгөө солиортол хэтэрхий их чалчих өвчин. (Инээлдэв) Гэхдээ тэдний харилцааны чадвар үнэхээрийн гайхалтай. Хэрвээ чи нэгтэй нь уулзах юм бол чамайг өөртөө наалдуулж чадна, нүд рүү чинь эгцлэн харж хувийн орон зайг чинь эзэлж хүзүүнд чинь иллэг хийж өгөх вий.
Би хэдэн сарын өмнө нэг Бүгд Найрамдах намын сенатортай оройн хоолонд орсон юм. Гэтэл тэр бүх л хоолны турш гуяны маань дотор талд гараа хийчихээд базлаад салдаггүй. Олон жилийн өмнө юм байна. Би нэг удаа Тед Кеннеди, Дэн Куале 2 сенатын танхимд уулзаж байхыг харсан юм. Тэр хоёр найзууд бие биенээ тэвэрч нүүр нүүрээ ийм ойрхноос харж инээлдээд л... Нааш цааш холхин хавиралдаж, гар хуруугаараа бие биенээ дээш доош нь илж таалж байсан. "Буудалд өрөө аваач дээ. Ийм юм хармааргүй байна" гэчихмээр санагдаж билээ. Гэвч тэд харилцааны чадвартай байна.
Өөр нэг жишээ: Өнгөрсөн сонгуулийн үеэр би Нью-Хампширт Митт Ромнийг дагалдаж байлаа. Тэрээр 5 төгс хүүтэйгээ сонгуулийн сурталчилгаагаа хийж байлаа. Бип, Чип, Рип, Зип, Лип, Дип. (Инээлдэв) Тэгээд нэг хямд хоолны газар ороод... тэр хоолны газар руу орж гэр бүлээрээ хооллож байсан хүмүүст өөрийгөө танилцуулаад "Та нар Нью-Хампширийн аль тосгоных вэ?" гэж асуусан. Тэгснээ тэдний тосгонд байсан гэрийнхээ тухай ярьж өгч байна. Түүний дараа өрөөгөөр тойрч хэсэг алхаад хоолны газраас гарч явахдаа дөнгөж танилцсан тэр хүмүүсийг бараг бүгдийг нэрээр нь дуудаж байв. "Энэ чинь л харилцааны чадвар байх даа" гэж бодогдож байлаа
Гэвч нэг зөрчилдөөнтэй зүйл гэвэл улстөрчдийн ихэнх нь бодлого боловсруулж байх үедээ тэд нийгмийн энэ мэдрэмжээ гээгээд нягтлан бодогчид шиг ярьж эхэлнэ. Би карьерынхаа явцад олон ч удаа бүтэлгүйтсэн дээ. Зөвлөлт Холбоот Улсыг задрахад "Хувьчлалын төлөвлөгөө" боловсруулж эдийн засагчдаа явуулсан. Гэвч үнэхээр дутагдалтай зүйл нь нийгмийн итгэлцэл байсан. Иракийг цэргийн хүчээр дайрахдаа тэдний соёл, сэтгэл зүйн бодит байдлыг судлахаа мартсан. Диллерүүд хэзээ ч тэнэг зүйл хийхгүй бодлоготой хүмүүс гэж, тэдний таамаглалд үндсэлсэн санхүүгийн захиргааны дэглэмтэй байсан. 30 жилийн турш боловсролын системийн шинэчлэллийн тухай мэдээллээ. Тусгай зөвшөөрөл, хувийн сургууль, төлбөрийн баримт гээд хүнд суртлын аппаратыг бид л бараг шинэчилсэн. Гэвч үр дүн нь жилээс жилд урам хугалж байсан. Гол нь хүмүүс хүндэтгэдэг хүнээсээ л юм сурдаг. Хэрвээ багш сурагч хоёрын хоорондын хувийн харилцааны тухай ярихгүй л бол бодит байдлын тухай яриад хэрэггүй. Бодлого боловсруулах явцад бодит байдлыг орхигдуулдаг.
Энэ л намайг нэг асуултад хүргэдэг. Хорвоо ертөнц дэх хамгийн харилцааны чадвартай хүмүүс бодлогын тухай ярих болохоор яагаад ийм хүний мөсгүй болдог байнаа? Би хувьдаа үүнийг маш том асуудлын шинж тэмдэг гэж дүгнэлээ. Хүний мөн чанарын тухай дараах үзэл хэдэн зууныг дамжиж ирсэн. "Бид бол ангид хүмүүс. Учир шалтгаан сэтгэл хөдлөлөөс тусдаа зүйл. Нийгэм хөгжихийн хэрээр учир шалтгаан хүсэл тэмүүлэлийг халхалдаг." Энэ нь эргээд хүний мөн чанарыг ингэж дүгнэхэд хүргэж байна. "Бид бол урамшуулалд шууд замаар хариу үйлдэл үзүүлдэг бодлоготой амьтад юм." Энэ үзэл хүний зан төлвийг хэмжихэд физикийн таамаглал ашиглахыг оролдсон ийм нэг ертөнц бий болоход хүргэсэн. Тийм болохоор ихээхэн хасалт таналт хийгдэж хүний мөн чанарын тухай өнгөц үзлийг бий болгосон.
Бид материаллаг зүйлсийн талаар ярихдаа тун сайн боловч сэтгэлийн хөдөлгөөний тухай ярихдаа тун муу. Бид ур чадвар, аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай ярихдаа үнэхээрийн сайн хэрнээ зан характерийн тухай ярихдаа туйлын муу. Нэрт философич Аласдайр Макинтайр ингэж хэлсэн байдаг. "Эр зориг, нэр төр, сайхан сэтгэл гээд ёс суртахууны тухай эртний ойлголт байгаа хэдий ч эднийг холбох системгүй болжээ." Тиймээс улс төрд, цаашлаад хүн төрөлхтний бүхий л хичээл зүтгэлд өнгөц байдал бий болсон.
Энэ нь бид хүүхдээ хэрхэн өсгөж байгаагаас харагдана. Үдээс хойш 3 цагт дунд сургууль руу очиж хүүхдүүд гарч ирэхийг хараарай. Бүгд 36 кг эд зүйл хийсэн үүргэвчтэй байгаа. Салхи үлээвэл яг газарт наалдсан цох хорхой шиг харагдана. Тэгээд ирж буй машинуудыг харах юм бол дандаа Сааб, Ауди, Волво байгаа. Зарим газар айлууд тансаг машинтай болж байж хөршүүддээ хүлээн зөвшөөрөгддөг. АНУ-гийн гадаад бодлогод харш улс орноос ирсэн машин л байвал болох нь тэр. Хүүхдүүдийг авч байгаа хүмүүсийг би агуу-ээж гэдэг юм. Өндөр амжилттай явж буй ажил хэрэгч бүсгүйчүүд. Хүүхдээ Харвардад оруулахын тулд ажлын зав чөлөө гаргаж яваа нь тэр. "Та нар үнэндээ хүүхдүүдээсээ хөнгөхөн байхаа." гэж тэр агуу-ээжүүдэд хэлж болно шүү. (Инээлдэв) Тэд хүүхдээ олох үед өгзөгний дасгал багахан хийдэг. Хүүхэд гараад ирэнгүүт Хятад хэлний зурагт хуудас эргүүлнэ.
Хүүхдээ гэртээ авчирангуутаа гэгээрүүлэхийг хүсэж өөрийн гэсэн гадаад бодлоготой "Бен Жерри хоёр" гэдэг мөхөөлдөсний компанид аваачина. Би нэг номондоо "Бен Жерри хоёр" микробуудыг алахын оронд яваад өгөөч гэж гуйдаг энхтайванч оо хийх хэрэгтэй гэж хошигносон байгаа. Тэгвэл их сайн зарагдана шүү. (Инээлдэв) Тэгээд хүүхдэд зориулсан хүнс авахаар "Хөүл Фүүдс" орно. Бүх худалдагч нь "Эмнисти Интернэшнл"-д өртэй юм шиг царайлсан, гайгүй ашиг орлогтой хүнсний дэлгүүрүүдийн нэг л дээ. (Инээлдэв) Тэндээс, гэртээ ирээд "ээж ээж, би бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлдэг зууш идъе" гэж хэлдэг хүүхдүүдэд зориулсан тэжээлийн байцаатай "Вегги Бүүти" гэх зэрэг далайн ургамал бүхий зууш худалдаж авна.
Хүүхдүүд тодорхой нэг аргаар хүмүүжиж байна. SAT-д бэлдэх, үлээвэр хөгжим, хөл бөмбөгөөр хичээллэх гэх мэт хэмжиж болох амжилтын цагираг дундуур үсэрч байна. Тэгээд шилдэг сургуульд сурч, сайн ажилд орно. Зарим нь өнгөцхөн байдлаар өөрсдөө амжилт гаргаж их хэмжээний мөнгө олж байна. Зарим нь "Жексон Хоул", "Аспен" гэх мэт амралтын газруудаар явж байна. Мөн тэд гоёмсог, туранхай гэж жигтэйхэн. Гуя гэж ерөөсөө байхгүй. Хоёр шүдэнзний модон дээр нэг бие. (Инээлдэв) Тэгээд хүүхэдтэй болно. Царайлаг хүнтэй сууж байж генетикийн гайхамшигийг олсон гэж байгаа. Тийм болохоор эмээ нь Гертруд Штейн шиг харагдаж байхад охид нь Халле Берри шиг. Яаж ингэж чадсан юм бүү мэд. Тэгээд өндөр биенийхээ 3/1-тэй тэнцүү нохой дагуулж явах моодонд орсныг мэдээд велокираптор шиг төрхтэй, 70 кг, үс ноос болсон нохой худалдаж авна. Бүгд нохойндоо Жейн Остены зохиолын дүрийн нэр өгнө.
Хөгширсөн хойноо жинхэнэ амьдралын философийг тайлаагүй хэрнээ "Амьдарлдаа бүх зүйлд амжилттай байсан болохоор зүгээр нэг үхэхгүй ээ" гэж шийднэ. Тэгээд хувийн багш хөлсөлж авна. Бас Сиалис гэдэг эмийг гаа шиг л хүлхэнэ. Нэг бол уулын орой дээр гарчихсан явж байна. Дик Ченейг Жерри Луис шиг харагдуулахаар "чухал" царайлчихсан, цанаар уул өөдөө хөндлөн туулж явах вий. (Инээлдэв) Тэгээд хажуугаар чинь шунгинаад өнгөрвөл жижигхээн төмөр үрэл довны өөд шунгинах мэт санагдана.
Энэ чинь амьдралын нэг хэсэг хэдий ч амьдралын нийт утга учир биш юм. Сүүлийн хэдэн жилд бид хүний мөн чанарын тухай, бидний хэн болох тухай илүү гүнзгий ойлголт авсаар ирсэн гэж би боддог. Энэ ойлголт ямар нэг онол, философид тулгуурлаагүй. Неврологийн шинжлэх ухаанаас сэтгэхүйн шинжлэх ухаантнууд, сэтгэл ханамжийн эдийн засагчид, сэтгэл судлаачид, cоциологи гэх мэт судалгаа шинжилгээний хамрах хүрээг бүхэлд нь агуулсан оюун ухаан судлалд үндэслэсэн. Бид ухамсарт хувьсгал хийж байна. Энэ бүгдийг нэтгэвэл хүний мөн чанарын тухай цоо шинэ ойлголт өгнө. Энэ бол мөн чанарын тухай хүйтэн материалист ойлголтоос тэс өөр. Энэ бол цоо шинэ хүнлэг ёс, сэтгэлийг татах цоо шинэ хүч. Миний бодлоор энэ судалгааны ажлыг нэгтгэхэд 3 үндсэн ухагдахууныг авч үзнэ.
Эхний ухагдахуун нь Ухамсар өөрийн намтрыг бүрэлдүүлж байх үед ихэнх ажлыг далд ухамсар гүйцэтгэдэг. Хүний оюун ухаан минутанд сая сая ширхэг мэдээлэл хүлээж авдгийн 40 орчмыг л ухамсартайгаар мэдэрдэг нь үүнийг батлах нэг арга болж байна. Сонин тохиолдол эндээс үүсдэг. Миний дуртай нэг жишээ бол Шүрээ нэртэй хүмүүс шүдний эмч, Хурц нэртэй хүмүүс хуульч болох нь их байдаг. Учир нь бид өөрт ойр санагдсан зүйл рүү далд ухамсарын хүчээр татагдаж байдаг. Тиймээс ч би охиноо Брүүксийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч гэж нэрлэсэн. (Инээлдэв) Далд ухамсар үнэндээ ухаантай байдаг. Гэхдээ энэ нь тэнэг мулгуу, сексийн донтой байхаас тэс өөр. Хамгийн их сэтгэхүй шаардсан ажлын нэг бол тавилга худалдаж авах. Нэг буйдан үзээд гэртээ яаж харагдах бол гэж төсөөлөх үнэхээр хэцүү. Зайлшгүй хийх зүйл бол тавилгаа судлах. Тавилгаа толгойдоо суулгаж өгөөд өөрийгөө сатааруул. Тэгээд хэдэн өдрийн дараа өөрийн дотоод мэдрэмжээ дагаад оч. Далд ухамсар бүхнийг шийдсэн байх болно.
Хоёрдугаар ухагдахуун нь бодол санааны төвд сэтгэл хөдлөл голлох үүрэг гүйцэтгэдэг. Тархин дахь сэтгэл хөдлөлийг үүсгэгч хэсэгт харвалт өгсөн, гэмтсэн хүмүүс супер ухаантай байдаггүй. Үнэндээ тэд зарим үед ямар ч хэрэгцээгүй болдог. Энэ өрөөнд байгаа уг салбарын нэг агуу хүн маргааш өглөө илтгэл тавих Антонио Дарнасио юм. Түүний бидэнд ойлгуулсан зүйлсийн нэг бол сэтгэл хөдлөл учир шалтгаанаас ангид биш, харин учир шалтгааны суурь юм. Яагаад гэвэл сэтгэл хөдлөл бидэнд алийг нь үнэлэх ёстойг хэлж өгдөг. Тийм учраас өөрийнхөө сэтгэл хөдлөлийг уншиж, боловсруулах нь мэргэн ухаанд хүрэх гол арга замын нэг юм.
Би одоо дундаж насны эр хүн. Сэтгэл хөдлөлөө таньж боловсруулж гүйцээгүй л байна. Дундаж насныхныг тархины тухай миний дуртай нэг явдал ингэж тодорхойлсон байдаг. Тэднийг тусгай тархины бичлэг хийх төхөөрөмжтэй холбоно. Жаахан үнэмшилгүй арга л даа. Гэхдээ надад хамаагүй. Тэгээд аймшигийн кино үзүүлсэний дараа эхнэрийнхээ тухай юу мэдэрч байгааг нь тайлбарлуулна. Тархины бичлэг хийх төхөөрөмжийн хариу хоёуланд нь адил гардаг. Хоёулаа үнэнхүү аймшигийн. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн тухай ярьж байгаа нь миний хувьд Ганди сувдаг сэтгэлийн тухай ярьж байгаатай адил боловч бидний хэрхэн бодож байгаагийн нэг гол зохицуулах процесс юм. Бидэнд юуг санаж үлдээхийг хэлж өгдөг. Тархи насан туршийн мэдрэмжийг бичиж үлдээдэг.
Харин гуравдагч ухагдахуун нь бид анхнаасаа бие даасан хүмүүс биш. Бид бол нийгмийн амьтан болохоос бодлоготой амьтан биш. Бид хоорондын харилцаанаас гарч ирдэг. Бид өөр хоорондоо гүнзгий нэвтрэлцсэн байдаг. Тийм ч учраас бид бусдыг харахаараа тэдний тархинд юу харж байгаа тухай толгойдоо эргэн дурсдаг. Киноны машин хөөж буй хэсгийг үзэхэд өөрөө машин хөөж байгаа мэт санагддаг. Порно кино үзвэл яг жинхэнэ мэт биш боловч өөрөө секс хийж буй мэт санагдана. Дурлалт хосууд гудамж даган алхаж байхад, Египт, Тунист буй хүмүүсийн хөл хөдөлгөөн сэтгэл хөдлөлийн "халдвар" авсан мэт байдлаас гүн нэвтрэлцлийг олж харна. Бид өөрсдийгөө таних энэхүү хувьсгал улс төрийг өөр нэг өнцгөөс харах, хамгийн чухал нь хүний нөөцийг өөрөөр харах замыг өгсөн.
Бид бол Францаар гэгээрсэн хүүхдүүд. Учир шалтгааныг ухааны өндөрлөг гэж боддог. Гэвч миний бодлоор энэхүү судалгаа Дэвид Хьюм, Адам Смит хоёр буюу Англи Гэгээрэл, Шотланд Гэгээрэл хоёр бидний хэн болох талаар илүү баримжаатай байсныг харуулдаг. Учир шалтгаан ихэнхдээ үлбэгэр байдаг бол мэдрэмж илүү хүчтэй. Энэ мэдрэмж ихэнхдээ үнэн байдаг. Мөн энэ судалгаа бидний соёлын алдааг, хүн чанараа хэт алдах алдааг засаж өгдөг. Энэ амьдралд бид юу хөгжүүлэх ёстойг илүү гүн мэдрүүлдэг. Бид хүний нөөцийн тухай бодохдоо сурлагын дүн, SAT-н оноо, цол зэрэг, хэдэн жил сурсан гэх мэт амархан хэмжих зүйл л боддог. Учир утгатай амьдрал зохиоход юу хийх ёстой вэ гэдэг илүү гүнзгий, үгээр ч илэрхийлэх аргагүй зүйл байдаг. Хэдэн зүйл жагсаая л даа. Миний бодлоор энэ судалгаа биднийг "ойлгохыг хичээх"-д чиглүүлж байна.
Төрөлхийн авъяас чадвар бол оюун ухааны хараа, бусдын оюун ухаан руу нэвтэрч юу байгааг нь судлах чадвар юм. Хүүхэд ийм чадвартай төрдөг. Вашингтоны их сургуулийн Мелтцоф, төрөөд 43 минут болсон хүүхэд рүү өнгийгөөд, хэлээ бултагануулж үзэж л дээ. Хүүхэд өөдөөс нь хэлээ бултагануулсан байна. Хүүхэд эхийнхээ оюун санаанд нэвтэрч юу байгааг нь хуулж авах гэж төрдөг. Энэ бол бодит байдлыг ойлгох тэдний арга юм. АНУ-д хүүхдүүдийн 55% нь ээжтэйгээ гүнзгий харилцаж бусадтай хэрхэн холбоо тогтоох аргад суралцдаг. Холбоо тогтоох ийм аргатай болсон хүмүүс амьдралаа сайхан эхлүүлдэг. Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд 18 сартай хүүхдүүд ээжтэйгээ илүү харилцаатай байна гэдэгт үндэслэж тэднийг дунд сургуулиас мастер хүртэл суралцана гэсэн судалгаа хийхэд 77% нь таарсан. 20% нь ээжтэйгаа сайн харилцаатай байгаагүй байна. Бидний хэлдэгээр ээжтэйгээ зайлсхийсэн харилцаатай хүүхдүүд. Тийм хүүхдүүд бусадтай харилцаж чаддаггүй. Дарвуулт завь салхины дагуу явж буй мэт амьдралыг туулдаг. Хүмүүстэй дотно байхыг хүсэх боловч хэрхэн харилцах аргаа мэдэхгүй. Мэдлэгийг бие биенээсээ сорж авах чадвар гэдэг энэ юм.
Хоёрдугаар чадвар бол тэнцвэртэй байх. Өөрийн оюун санаан дахь алдаа гажуудлыг саруул ухаанаар олж харах чадвар. Жишээлбэл хүн төрөлхтөн өөртөө хэт итгэлтэй амьтад. Профессоруудын 95% нь өөрсдийгөө дундаж багшаас илүү гэж үздэг. Оюутнуудын 96% нь нийгмийн харилцааны чадвараа дунджаас илүү гэж боддог. "Тайм" сэтгүүл америкчуудаас "Та хамгийн их орлоготой хүмүүсийн эхний нэг хувьд багтах уу?" гэсэн судалгаа авахад 19% нь хамгийн өндөр орлоготой болж таарсан. (Инээлдэв) Гэхдээ энэ нь хүйстэй холбоотой зуршил. Эрчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү "тийм" гэж хариулсан байна. Учир нь эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг. Харин зарим хүмүүс алдаа дутагдал, хэт итгэлтэй байдлаа мэдэхтэйгээ байдаг. Танин мэдэхүйн онолд тулгуурласан даруу зантай хүмүүс. Тэд ойлгомжгүй зүйл байвал түүнийгээ нээлттэй илэрхийлдэг. Баттай нотлох баримтад үндэслэж баттай дүгнэлт хийх чадвартай хүмүүс. Тэд их сониуч. Энэхүү чанарыг IQ-тэй холбошгүй, харьцуулашгүй.
Гуравдагч чанар бол "медез". Үүнийг гудамжны ухаантнууд гэж болох юм. Грек үг л дээ. Материаллаг орчныг мэдрэх мэдрэмж гэсэн үг. Тухайн орчноос нэг зүйл сонгон авч мөн чанарыг тодорхойлох чадвар. "Таймс" сэтгүүлд хамт ажилладаг нөхөр маань гудамж дагуулж хараад тэсрэх бодис, хөрсөнд суулгасан тэсрэх бөмбөг байгаа эсэхийг яаж ийгээд мэддэг Ирак цэргийн тухай гайхалтай нийтлэл бичиж байлаа. Тэр цэргүүд яаж мэдсэнээ хэлж чадахгүй хэдий ч даарах ч шиг, хүйтэн зүйл мэдэрдэг нь алдахаасаа илүү онох нь их байдаг байна. Гуравдугаарт багаар ажиллах чадвар буюу харилцан ойлголцох чадвар гэж болох юм. Баг хувь хүмүүсээс илүү ухаалаг тул уг чадвар илүү сайн илэрдэг. Цахим аргаар холбогддог багаас биечлэн уулздаг баг илүү ухаалаг. Учир нь бидний харилцааны 90% нь үгийн бус байдаг. Мөн багийн үр ашигтай байдал багийн IQ-тай холбоогүй, хоорондоо хэрхэн харилцаж хэр олон удаа үр ашигтай ярилцлага хийсэнтэй холбоотой.
Мөн "холих" чадвар гэж нэг зүйл бий. Ямар ч хүүхэд "Би бар байна" гээд бар шиг болж чадна. Энэ их энгийн санагдаж магад. Гэвч начир дээрээ "Би" гэдэг үгийн утгыг "бар" гэдэг үгийнхтэй холих үнэхээрийн төвөгтэй. Гэхдээ шинэ санааны үндэс бол мөн. Жишээ нь, Пикасо "Барууны урлаг" гэдэг ойлголтыг "Африкийн нүүр будалт" гэдэг ойлголттой геометрийн хувьд төдийгүй ёс суртахууны системийн хувьд хольж үзсэн байгаа юм. Энэ бол өнөөх бидний тоолж хэмжиж боломгүй чадвар юм.
Ингээд миний сүүлийн дурдах зүйлийг та бүхэн "лимеренс" гэж болно. Энэ бол чадвар биш. Энэ бол эрч хүч, сэдэл юм. Ухамсар амжилт, нэр алдарыг хүсэмжилдэг. Харин далд ухамсар нүдэнд юм үзэгдэхээ больж хийж буй зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн үед, гар урлалч хийж буй бүтээлдээ бүрэн автсан үед, байгаль судлаач байгальдаа ууссан мэт болох үед, бурханд итгэгч бурханы хайранд автсан үед бий болох тэрхүү транс үеийг хүсэмжилдэг. Далд ухамсар үүнийг л хүсдэг. Ихэнх хүмүүс үүнийг хайр сэтгэлээс, дурлалд шатсан үедээ мэдэрдэг.
Оюун ухаан хэрхэн харилцан нэвтрэлцдэг тухай энэхүү судалгааны хамгийн оновчтой тодорхойлолтыг Индианагийн их сургуулийн агуу онолч, эрдэмтэн Дуглас Хофштадтер хэлсэн байдаг. Тэрээр Кэрол нэртэй бүсгүйтэй гэрлэж, тун жаргалтай амьдарч байжээ. Хүүхдүүдийн нэг нь 2, нөгөө нь 5 настай байхад Кэрол тархины хавдартай болж цус харван гэнэт үхсэн байна. Хофштадтер "Би бол этгээд гогцоо" гэдэг ном бичсэн юм. Энэ номонд тэрээр Кэролыг нас барсанаас хойш хэдэн сарын дараа ханын зуухан дээр билүү унтлагын өрөөний шүүгээн дээр байсан зургийг нь харсан тэр мөчийг тайлбарласан.
Энэ тухай ингэж бичсэн байна: "Би түүний нүүр рүү харлаа. Би өөрөө түүний нүдээр харж байгаа юм шиг санагдтал гүн ширтэв. Гэнэт нулимс минь урсаж 'Энэ би байна. Би байна' гэж байв. Энэ хэдэн энгийн үгс өмнө бодож байсан олон зүйлийг эргэн санагдуулав. Бид хоёрын оюун санаа арай өндөр төвшиний оршихуй болон нэгдэх тухай, бид хоёрын санаа бодлын төвд хүүхдүүдийнхээ төлөө гэсэн адилхан хүсэл мөрөөдөл бий тухай, энэ хүсэл хаа хол зөрөөгүй, харин нэг л хүсэл байна гэж ойлгох тухай нэг тодорхой зүйл бид хоёрыг илэрхийлж нэгж хэсэг болгон гагнах тухай, хүнтэй гэрлэж хүүхэдтэй болохоосоо өмнө бүдэг бадаг төсөөлж байсан тийм нэгж хэсгийн тухай. Кэрол нас барсан хэдий ч түүний энэхүү чухал хэсэг нас бараагүй гэдгийг ойлголоо. Харин ч тархинд минь амьдрахаар бүрэн шийдсэн байна."
Бид мэргэн ухаанд хүрэх замдаа зовдог гэж грекүүд хэлдэг. Хофштадтер ингэж зовохдоо хүмүүс хоорондоо хичнээн гүн нэвтрэлцсэн байдгийг ойлгожээ. Өнгөрсөн 30 жилийн турш гаргасан бодлогын алдаанаас миний бодлоор бид хүний мөн чанарын тухай өнгөцхөн ойлголттой байсан гэдгээ ойлгосон. Тиймээс өнөөдөр энэ өнгөцхөн ойлголт, өөрсдийн гүнд хэн байгааг таньж чаддаггүйгээс үүдсэн алдаатай нүүр тулмагц ухамсарт хийх хувьсгал эхэлнэ. Энэ салбарт маш олон хүн бидний мөн чанарын гүн рүү орж судлаад энэхүү сэтгэл эзэмдсэн цоо шинэ хүнлэг ёсыг нээжээ. Фрейд далд ухамсарын тухай онолоо нээхэд тухайн үедээ маш том нөлөө үзүүлсэн. Өнөөдөр "Бидний гүнд хэн байна вэ?" гэсэн далд ухамсарын тухай илүү нарийвчилсан нээлт хийгдэж байна. Энэ нээлт бидний соёлд гайхалтай, гүн гүнзгий, хүнчилсэн нөлөө үзүүлэх болно.
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Нью-Йорк таймс сэтгүүлийн тоймч Дэвид Брүүкс сүүлд бичсэн номоо уудалж, хүн төрөлхтөний мөн чанарын тухай, эдийн засаг улстөр цаашлаад бидний өөрийн мэдлэгт өргөн ач холбогдолтой, сэтгэхүйн шинжлэх ухааны шинэ нээлтийг дэлгэж байна. Хүн төрөлхтөнийг ухамсартайгаар сонголт хийдэг ангид хүмүүс гэж ойлгож болохгүйг хошигнол дүүрэн яриагаар харуулав.
New York Times columnist David Brooks is the author of “Bobos in Paradise,” “On Paradise Drive” -- and his new narrative of neuroscience, "The Social Animal: The Hidden Sources of Love, Character and Achievement." Full bio »
Translated into Mongolian by Bat-Ariunaa Batsaikhan
Comments? Please email the translators above.
18:42 Posted: Sep 2008
Views 1,610,401 | Comments 596
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.